“Degi’s Music School” 1 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа

IMG_0129

2016.05.05
"DEGI'S MUSIC SCHOOL" Нэг жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Улаанбаатар чуулгын тайзнаа амжилттай тоглогдлоо.
Хийлч Дээгийгийн бяцхан шавь нарын хайр хүргэм аяз үзэгч олныг уяраасан гайхамшигтай нэгэн орой байлаа.

Мөн тоглолтонд Улаанбаатар чуулгын Хангарьд найрал хөгжим болон гоцлол хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар өөрсдийн ая эгшигээ өргөж мөн Улаанбаатар чуулгын дэргэдэх Улаанбаатар циркийн уран нугараач А.Уранбилэг өөрийн авьяас чадвар, уран гайхалтай хөдөлгөөнөө эрхэм үзэгчидэд толилуулсан юм.

Гоцлол хөгжимчин хийлч Ч.Дэлгэрцэцэгтээ сургуулийх нь нэг жилийн ойн баярын мэнд хүргье.

IMG_0149 IMG_0107IMG_0175

“DEGI’S MUSIC SCHOOL” 1 ЖИЛИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ОЙН ТОГЛОЛТ УЛААНБААТАР ЧУУЛГЫН ТАЙЗНАА

Poster

2015 оны 3-р сараас эхлэн төгөлдөр хуур, хийл, гитар, морин хуур, дуулах ур чадварын сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа “Degi’s music school”-ийн 1 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт.

Тоглолтонд тус сургуулийн багш сурагчид, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцоно.

Сургуулийн ерөнхий захирал, Авьяаслаг Монголчууд шоуны шүүгч, МУСТА, хийл хөгжимчин Ч.Дэлгэрцэцэг уг тоглолтын үеэр уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барина.

Мөн “5ive tones – live music” хамтарсан тоглолтын шидээвэр бүтээлүүд эгшиглэнэ.

Тасалбарын үнэ: 11,111₮
Тасалбарыг: https://www.ticket.mn/event/49/ -ээс

Харилцах утас: 9111-7971, 9909-9165

“5IVE TONES – LIVE CONCERT” ТОГЛОЛТЫН РЕКЛАМ

"5ive tones - live concert" 2016.04.22/23-нд 19:00 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа. Тасалбарыг эндээс болон Улаанбаатар чуулгын кассаас худалдан аваарай.

Лавлах утас: 7011-8411, 9999-6615, 9898-1984. Мэдээллийг: www.ikon.mn

[embed]https://www.youtube.com/watch?v=SrEQERzAYSM[/embed]

“5IVE TONES – LIVE CONCERT” ТАСАЛБАР ХУДАЛДААНД ГАРЛАА

Нийслэлийн Улаанбаатар чуулгын 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "5IVE TONES - LIVE CONCERT"-ийн тасалбарыг өнөөдөр буюу 2016.03.22-ны өдрийн 12:00 цагаас эхлэн www.ticket.mn цахим тасалбарын системээр албан ёсоор худалдаалж эхэлнэ.
Тоглолтын талаар илүү дэлгэрэнгүйг 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаараас лавлана уу. Мэдээллийн эх сурвалж www.ubchuulga.mn,www.ikon.mn

ticket.mn

“5IVE TONES LIVE CONCERT” ТОГЛОНО

5ive tones live concert

Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан хөгжим ангийн уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтыг 2016 оны 4-р сарын 22/23-ны өдөр 19:00 цагт өөрийн тайзнаас үзэгчдэд толилуулах гэж байна.

“АЙСУЙ ХҮЛГИЙН ТӨВӨРГӨӨН” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛНО

Айсуй хүлгийн төвөргөөн

Шинэ цагийн хөгжмийн зохиолчдын нэрт төлөөлөл, хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнийн дурсгалыг хүндэтгэх, түүний бүтээл туурвилыг хойч үе, үндэсний хөгжим тоглооч залуустаа өвлүүлэн үлдээх зорилгоор "Айсуй хүлгийн төвөргөөн" хүндэтгэлийн тоглолтыг 2016.03.17-ны 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулах гэж байна.

“АЙ НАН АА” АМЖИЛТТАЙ ТОГЛОЛОО

СЭТГҮҮЛЧ Ё.МӨНХЗАЯА: “ЭХ ОРОН, УЛС ҮНДЭСТНИЙХЭЭ ТҮҮХИЙГ ӨГҮҮЛСЭН, ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРҮҮЛСЭН ЭНЭ БҮТЭЭЛ ҮЗЭГЧДИЙГ НҮДЭНДЭЭ НУЛИМСТАЙ, ТОЛГОЙДОО БОДОЛТОЙ ГАРГАЖ ЧАДЛАА”

Зүүн уулын маань энгэрт зэрэглээ байна даа хө, Ай Нан аа
Зүглээд очиход үгүй байна хө
Зүүд нойрондоо хоёулаа байлаа хө, Ай Нан аа
Зүүдлээд сэрэхэд минь ганцаараа байна хө...
Гунигийн аятай энэ дууны түүхээр аялаж, Халхын Ханд вангийн хатуу хувь тавилангаар сэтгэлээ сэмлэн, зүрхээ догдлуулсан хоёр үдэш өнгөрлөө. Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг өнгөрсөн баасан, бямба гарагийн орой дараалан хоёр удаа тоглогдож, үзэгчээр дүүрэн, талархал бахархалаар бялхасан сайхан үдшүүд байлаа. Ийнхүү нийслэлээрээ овоглосон чуулгынхан маань 10 жилийнхээ ойд зориулан шинэчлэн тавьсан уг бүтээлээрээ чуулгынхаа урын санг нэгээр нэмэн түүхэн бүтээлээр баяжууллаа. Юуны өмнө Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлчиддээ баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Та нар мундаг байсан.
“Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг. Анх энэ бүтээл одоогоос 5 жилийн өмнө 2011 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулагдан, Улаанбаатар чуулгын тайзнаа тавигдаж, найруулагч Эрдэнэбулган гуай тухайн үед уг бүтээлийн хэд хэдэн дүрийг гаднаас авч тоглуулж байсан. Тухайлбал МУАЖ П.Цэрэндагва, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин Р.Доржхорлоо гэх мэт
Харин энэ удаа Улаанбаатар чуулгынхан уг уран бүтээлийг өөрсдийн хүчээр дан өөрийн үндсэн бүрэлдэхүүнээр шинэчлэн тавьж, өөрийн бүтээл болгохоор найруулагчид санал тавьсны үндсэн дээр “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг шинэчилсэн тавилтаа ийнхүү үзэгчиддээ хүргэсэн юм. Дандаа залуухан дуучид түүхэн дүрүүдийг дажгүй сайн бүтээсэн. Тэдэнд урам өгөх хэрэгтэй. Дуучид ийм хэмжээнд жүжиглэж, түүхэн дүрийг бүтээнэ гэдэг тийм ч амар бишээ. Бүгдийг сайхан болсон, сайн болсон гэж худлаа магтаад яахав. Ямар ч зүйл алдаатай оноотой байж гэмээнэ ахиж дэвждэг. Магтуулан урам авч, шүүмжлүүлэн алдаагаа засаж залруулж хөгждөг нь уран бүтээлчид юм. Угаасаа ч уран бүтээл шүүмжгүйгээр хөгждөггүй. Тэгэх тэгэхдэ энэ залуу уран бүтээлчдийг ийм дээр нь л засаж залан, урам өгч дэмжих хэрэгтэй. Яг дүр бүтээх, уран чадвар тал дээр анхны тавилтын архагуудтай харьцуулах аргагүй ч тэд тоглолтоос тоглолтод сайжирна гэдэг нь хоёр оройн тавилтаас анзаарагдаж байсан нь талархууштай. Тайзнаа гарч зогсоод сайхан дуулчихаад орох, дуулаад жүжиглэх гэдэг хоёр өөр хэрэг. Мэдээж тэд мэргэжлийн жүжигчид биш тул тайзны яриа, дүрийн илэрхийлэл, үнэн байх, амьд байх, дүрдээ орох тал дээр жаахан учир дутагдалтай байсан ч хоёр дах оройны тоглолт дээр эхний өдрийнхийгөө бодоход илүү сайжирсан байгаа нь итгэл төрүүлсэн.
Миний хувьд хамгийн анхны тавилтыг нөгөө л архагууд, том жүжигчдийн тоглолтоор нь үзсэн байсан болоод ч тэрүү тэдэнтэй харьцуулах гээд байсан тал бий. Гэхдээ тэдэнтэй харьцуулж болохгүй, тэд жүжигчид. Тэгээд ч энэ бол дуулалт жүжиг. Дуучдаас онцлоход Богдын дүрийг бүтээсэн дуучин Буянтогтох дуу хоолой сайхантай, үг хэллэг тодтой байсан бол Манжийн түшмэлийн дүрийг бүтээсэн дуучин Бямбадорж, Шанзав Бадамдоржийн дүрийг бүтээсэн дуучин Ганзориг, Гансүх нар дуучин хүн гэхэд жүжиглэлт дүрийн илэрхийлэл сайтай, Дондогдулам хатны дүрийг бүтээсэн дуучин Анхтуяа, Сэвжидмаа хатны дүрийг бүтээсэн дуучин Хонгорзул нар дүрээ дуугаар илэрхийлэх чадвар сайтай байсныг хэлэх нь зүйтэй. Харин залуухан дуучин Эрдэнэсаруул Халхын сайхан эр, хаан төрийн тулах түшээ Ханд ванг өөрийн дуу хоолой, дүр төрх, уран чадвараараа урлан бүтээж, нээрээ л Ханд ван гэж ийм л сайхан хүн байсан болов уу хэмээн бодогдтол, хайрлатал, харамлатал, харамстал бүтээж чадсан. Залуу хүн, дуучин хүнд цаашдын ирээдүй байнаа, баяр хүргэе. Тэд бүгд залуу хүмүүс болоод ч тэрүү дүрийн хувьд жаахан намба дутаж, хөдөлгөөн хурдан, үг хэллэг нүүрний хувирал бага зэрэг амьгүй мэт сэтгэгдэл төрүүлж байсан. Гэхдээ залуу хүмүүс улам сайжруулан сайн болгож дүр бүрээ өөрийн болгож амьдруулах бизээ. Эндээс нэг бодогдсон зүйл бол бас л соёл урлагаа дэмжих зөв бодлого хэрэгтэй нь анзаарагдаж байна. Учир нь төр засгаас соёл урлагаа зөв бодлогоор дэмждэг бол Улаанбаатар чуулгад, бүр цаашлаад соёл урлагийн ийм байгууллагуудад орон тооны бүжгийн, дууны, жүжгийн, уран чадварын багш бүгд байж дуучдад тайзны яриа жүжиглэлт тал дээр анхааран ажилладаг бол иймэрхүү томоохон бүтээлүүдийг өөрсдийн хүчээр тавиад байж болмоор... Ер нь ч Улаанбаатар чуулгынхан маань өөрийн тайзнаа дуулалт жүжиг хэд хэдийг тавьж, уран бүтээлчдээ бэлтгэн, нэг үгээр хэлбэл хөгжимт драмын театрын уран бүтээлчид шиг болгон “хүмүүжүүлж” байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй бизээ. Тэр ч чадвараараа тэд ийм хэмжээний томоохон түүхэн бүтээлийг амилуулаа байлгүй. Дээр нь нэмээд дуучдаас гадна Улаанбаатар чуулгын Хангарьд үндэсний хөгжмийн оркестрийг ч магтах хэрэгтэй. Хорь гаруйхан хөгжимчинтэй ч энэ оркестр дажгүй шүү. Тэднийг дохисон удирдаач Нямдашийг хөгжмийн мэргэжлийн, хөгжим ойлгодог хүмүүс ихэд тоож үнэлдэг юм гэдгийг би л лав нэг бус удаа сонсож байсан. Залуухан удирдаачид тэдний оркестрт баяр хүргэж улам их амжилт хүсье. Уран бүтээл гэдэг зөвхөн тайзнаа гарч байгаа дуучид жүжигчдээр бүтдэггүй. Улаанбаатар чуулгын арын алба, маркетингийн алба, менежерүүд ч бас сайн ажиллаж байж л бүтээл үзэгчдэд хүрч байгаа. Хоёр өдрийн үзвэр ямар ч байсан танхим дүүрэн үзэгчтэй байсан нь тэдний ажлын үр дүн биз. Гэхдээ энд нэг зүйлийг сануулахад үзвэрийн танхимын ажилтнууд маш хариуцлагатай байж, үзвэрийн үеэр дуу чимээ гаргаж, утсаар чанга чанга ярин, хүүхдээ уйлуулаад л суугаад байгаа “хэнэггүй, соёлгүй” үзэгчдэд хатуу бөгөөд боловсон шаардлага тавьж, үзэгчдийн тав тухтай чимээгүй орчинд үзвэр үзэх нөхцөлийг бүрдүүлж өгч байх хэрэгтэй. Энэ бол зөвхөн үзэгчдэд ч бус уран бүтээлчдэд хүртэл хэрэгтэй.
За одоо харин “Ай Нан аа” дуулалт жүжгийн зохиол, найруулга, хөгжмийн талаар хэдэн үг хэлэх хэрэгтэй болов уу. Буурал найруулагч Эрдэнэбулган. Тэр яах аргагүй бөөн туршлага, чадвар, мэдрэмж. Тэгээд дээр нь түүхэн бүтээлд их дуртай, тэр тусмаа Ханд вангийн түүхийг бүтээл болгох дуртай хүн. Тэрээр Ханд вангийн түүхийг өгүүлсэн кино хийж байсан туршлага судалгаан дээрээ үндэслэж, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийг ойг угтаж уг дуулалт жүжгийн зохиолыг зохиолч Цогнэмэхэд захиалсан гэдэг. Цогнэмэх зохиолыг үнэхээр сайн бичсэн. Зохиолын үйл явдал, утга санаа, үг хэллэг үнэхээр тун дажгүй. Үгийн баялаг сайтай, эргэцүүлэл, зүйрлэл ихтэй. Дүрүүдийн, тэр тусмаа Дондогдулам хатны Ханд ванд зориулан дуулах ари, Ханд вангийн Монхор хүүгээ санан дуулах ари, Богд хааны ари гээд л үг хэллэг хөгжим сайтай сайхан аринуудыг дуучид сайхан дуулсан. Хөгжмийн хувьд залуу хөгжмийн зохиолч Алтангэрэл үнэхээр чадал чансаагаа харуулсан сайхан бүтээлийг энд туурвисан. Дуулалт жүжгийн үйл явдал бүрийг, дүрүүдийн зан төрх, ааш аяг, илэрхийлэл бүхнийг тодотгон гаргасан хөгжим үнэхээр магтмаар. Найруулгын хувьд Булган найруулагч 5 жилийн өмнөх тавилтаа бас багагүй өөрчлөн зассан анзаарагдсан. Тэр үед жүжиг шууд л Ханд ван хүүтэйгээ уулзахаар очин Манжийн түшмэлтэй уулзан улмаар хүүгийнхээ толгойг харж цочирдож байгаагаар эхлэж байсан санагдана. Харин энэ удаа жүжигт найруулга болон, утга санаа, үйл явдал, зохиомжийн эрэмбэ дараалалд нэлээд өөрчлөлтүүд орж, жүжгийн оргил өрнөл хэсэг аятайхан болсон байсан.
Мэдээж хашир туршлагтай найруулагч хэдэн жилийн өмнөх тавилтаасаа хэр хичнээн зүйлийг олж харан засаж залруулсаныг тэр бүр тоочин хэлж мэдэхгүй юм. Тайзны хувьд орчин үеийн шийдлээр лед дэлгэц ашигласан нь их зүгээр сонголт санагдсан. Тэгээд ч тус чуулгынхан уг бүтээлээ хөдөө орон нутагт авч явах төлөвлөгөөтэй байгаа сураг сонсогдсон. Түүнд нь ч ихэд амар хялбар болсон болов уу.
Жүжигт түүхэн дүр болох Хулгар нацаг, Дандар Аграмба гэх мэт хүмүүсийг багтаахаас гадна “Зуун лангийн жороо луус” дууны бүтээгдсэн түүх, Ханд вангийн хүүгээ алдсан гашуун түүхийг таниулан мэдүүлж, тэр ч байтугай Ханд ван гэж халхын сайхан эр байж эмс хүүхнүүдийн харцыг булаан хайрыг татаж явсныг ч хөнгөхөн харуулж амжсан. Богд хаан Эх дагиныг хардан харамлаж байгаа хэсгийг үнэн бодитой түүх мөн үү хэмээн найруулагчаас асуухад “Энэ бол түүхэн баримт байхгүй ч түмний яриа их байдаг. Үүнийг завхай зайдан талаас нь биш, яагаад Халхын сайхан эр хүнийг хүндэлж хайрлаж болдоггүй билээ гэдэг талаас нь оруулж өгсөн” хэмээн хариулсан юм.
Ингэж нэгэн сайхан хамтын бүтээл бий болж, Улаанбаатар чуулгын урын санг баяжууллаа. Үзвэрийн дараа чих тавин сонсож байхад үзэгчид ам сайтай, сэтгэл хөдлөлтэй гарч байсан. Миний дэргэд сууж байсан настай эгч жүжгийн оргил хэсэгт буюу Ханд вангийн хүүгээ алдсанаа мэдэх үед ихэд уйлж, тэгснээ Ханд ванд Шанзав хор өгсний дараа тайзнаа эргэн гарч ирэхэд нь “Иш хөөрхий байж байна ш дээ” хэмээн дуу алдах нь нэг талаар инээдтэй, нөгөө талаар бас талархалтай санагдаж билээ. Эх орон, улс үндэстнийхээ түүхийг өгүүлсэн, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн энэ бүтээл үзэгчдийг нүдэндээ нулимстай, толгойдоо бодолтой гаргаж чадлаа. Харамсалтай нь ийм түүхийг үзэх мэдэх ойлгох ёстой улс төрийнхөн нэг ч харагдсангүй. Бүр 5 жилийн өмнө ч Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойгоор анх тавихад нь ч төрийн өндөрлөгүүд “ТООЖ” ирээгүй юм гэнэ билээ. “Уг нь тэд иймэрхүү бүтээлийг үзэж нүд сэтгэлээ “онгойлгож” байвал урлаг соёл хэрхэн хөгжиж байгааг, яаж хэрхэн хөгжүүлж болохыг, тэдэнд юу хэрэгтэй байгааг мэдэж, төсвийн хэдхэн төгрөгний цалинтай урлагийнхан ямар байранд хэрхэн даарч хэдэн цагаар ажиллаж уран бүтээл туурвиж байгааг өчүүхэн ч гэсэн олж харах болов уу” хэмээх харамсалтай бодол төрж л суулаа. Монгол улс урлагаа бодох, уран бүтээлчдээ дэмжих, хөгжүүлэх цаг болсон шүү дээ.
Ингээд эцэст нь их түүхийг дахин дархлан бүтээсэн Улаанбаатар чуулгын бүх уран бүтээлч хамт олондоо, буурал найруулагч Булган ахдаа, хөгжмийн зохиолч Алтангэрэл, зохиолч Цогнэмэх нартаа, удирдаач Нямдашдаа, хоёр өдрийн тоглолтыг зорин ирж үзсэн үзэгчиддээ баярлалаа. Харамсаагүй гарсан гэдэгт итгэлтэй байна. Монгол хүн бүхэн мэддэг, амандаа аялах дуртай ч үнэн түүхийг нь үл мэдэх “Ай Нан аа” дууны түүхийг мэдэж, амандаа аялан, дотроо даган дуулсан үзэгчид энэ түүхийг, энэ дууны утга учрыг лав цааш ярьсан л байж таарна. Одоо ч аманд минь аялагдсаар л байна...
Зүүн уулын маань энгэрт зэрэглээ байна даа хө, Ай Нан аа
Зүглээд очиход үгүй байна хө
Зүүд нойрондоо хоёулаа байлаа хө, Ай Нан аа
Зүүдлээд сэрэхэд минь ганцаараа байна хө...

2016.02.24 /Улаанбаатар хот/

“АЙ НАН АА” НУЛИМС, БОДРОЛТОЙ 2 ОРОЙГ ҮДЛЭЭ

Улаанбаатар чуулга 10 жилийнхээ ойг тохиолдуулан олон уран бүтээл, тоглолтууд төлөвлөсөн бөгөөд дээжээс нь 2016.02.19/20-нд өөрийн тайзнаа дэлгэлээ. Тодруулбал Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, зохиолч Г.Цогнэмэх, найруулагч, МУУГЗ Л.Эрдэнэбулганы бүтээл “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийг 5 жилийн дараа дахин сэргээн тоглож үзэгчдийн хүртээл болголоо. Уг бүтээлийг Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан анх 2011 онд туурвисан юм.

“АЙ НАН АА”-ГИЙН ТАЛААР ХӨГЖИМ СУДЛААЧ С.ЭНХБУЛАГ ИЙН ҮНЭЛЖЭЭ

УЛААНБААТАР ЧУУЛГЫН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ДАХИН СЭРГЭЭН ТОГЛОЖ БУЙ "АЙ НАН АА" ТҮҮХЭН ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТАЛААР ХӨГЖИМ СУДЛААЧ С.ЭНХБУЛАГ 2012.09.12-НЫ ӨДӨР ХӨГЖМИЙН ИНДЭР БЛОГТОО ИНГЭЖ ДҮГНЭЖ БИЧЖЭЭ.
Ai Nan aa

“АЙ НАН АА” ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН СУРГУУЛИЛТ ИД ҮРГЭЛЖИЛСЭЭР

Ай Нан аа түүхэн дуулалт жүжгийн сургуулилт ид үргэлжилж байна. Улаанбаатар чуулгын дуу ангийн уран бүтээлчдийн санаачлагаар дахин сэргээн тоглох гэж байгаа уг бүтээлийн ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Эрдэнэбулган ажиллаж байгаа юм. Хөгжмийг Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, МУСТА Х.Алтангэрэл, цомнолыг зохиолч Г.Цогнэмэх бичжээ. Бүтээлийн хөгжмийг Улаанбаатар чуулгын "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, удирдаач, МУСТА Д.Нямдашийн удирдлагаар тоглож, чуулгын бүжигчид туслах дүрүүдэд тоглож байна. Ингээд та бүхэн тоглолтын сургуулилтын явцаас хийсэн гэрэл зургийн сурважлагыг хүлээн авна уу.

[caption id="attachment_1257" align="alignleft" width="967"]Ай Нан аа Хошой Чин ван Ханддоржийн дүрд МУСТА Б.Эрдэнэсаруул, Аграмбын дүрд МУСТА Б.Батболд нар тоглож байна. Энэ хэсэгт Ханддорж ван Аграмбад бараалхаж, Монхор үрээ алдсан тухайгаа дуулгаж буй эмгэнэлт үйл явдал гарна.[/caption]

[caption id="attachment_1258" align="alignnone" width="967"]Ай Нан аа Хошой Чин ван Ханддоржийн дүрд МУСТА Б.Эрдэнэсаруул, Аграмбын дүрд МУСТА Б.Батболд нар тоглож байна. Энэ хэсэгт Ханддорж ван Аграмбад бараалхаж, Монхор үрээ алдсан тухайгаа дуулгаж буй эмгэнэлт үйл явдал гарна.[/caption]